ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл (ЖСАХ)-ийн хэрэглээний тандалтыг бий болгох зорилтын хүрээнд “Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн тандалтын тогтолцоо” цахим модулийн сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 16-17-нд ЭХЭМҮТ-д зохион байгууллаа.
Уг сургалтыг Тандалт судалгааны албаны судлаач эмч Г.Батзул, Б.Одонгоо, ТСА-ны ажилтан П.Орхонтуул нар удирдаж, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, амаржих газрууд, дүүрэг болон 21 аймгийн ЭМГ, БОЭТ, АНЭ, өрхийн эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, статистикч эмч зэрэг 74 хүн оролцлоо.
Сургалтыг нээж үг хэлсэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн мэргэжилтэн Б.Оролзодмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа, НҮБ-ын ХАС-гийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Шинэтөгс нар хэлсэн үгэндээ эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад төр засаг, нийгэм, олон нийт, эцэг эхийн хамтын оролцоо чухлыг онцлоод жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг зөв зохистой хэрэглэх нь эмэгтэйчүүд хэт эрт, эсвэл хэт хожуу жирэмслэлтээс сэргийлэх, төрөлт хоорондын зай, нийт хүүхдийн тоог төлөвлөх боломж олгодог учир эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг дурдлаа.
Сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь иргэдэд гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол, жирэмслэлтээс хамгаалах аргын талаар зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тухай мэдлэгийг нэмэгдүүлэх үүргийг хүлээдэг учраас сургагч багш нар орон нутагт эрүүл мэндийн байгууллагын жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хариуцан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд дээрх сургалтыг зохион байгуулснаар үндэсний хэмжээнд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хангамж, хүртээмж, хүний нөөцийн чадавх, орлого, зарлагын тайланг нэгтгэн, улмаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, үйлчилгээ үзүүлэгчдийг үнэн зөв мэдээллээр түргэн шуурхай хангах нөхцөл бүрдэх боломжтой юм.
0 cэтгэгдэлтэй