С.Энхболд: Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ

Serelt admin 2023-12-19

ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд” Томуугийн өвчлөл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу Европ, Хойд америк, Зүүн болон Баруун Азийн улс орнуудад нэмэгдэж байна. Зүүн Азийн улс орнууд болох БНХАУ, БНСУ-ын орнуудад улирлын томуу эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд улирлын томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус хүн амын дунд өвчлөл үүсгэж, эргэлтэд ороод байна.

Улсын хэмжээнд 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаториор нийт 274 мянган хүн үйлчлүүлснээс 7.1 хувь нь томуу томуу төст өвчний тохиолдол байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд байна. Бусад долоон аймаг болон Улаанбаатар хотод алаг цоог тархалт буюу гуравдугаар түвшинд шилжсэн. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор маргааш болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа” гэв.