Нүүрсэнд тээврээр холбогдсон сайд нар

Serelt admin 2023-12-19

Удаан хугацаанд нүүрстэй нэр холбогдсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй  “Эсдэ” компанитай холбоотой талаар шинжээчид танилцуулав. Тус компанийн эзэмшигч нь Өмнөговийн гаралтай Л.Батсүрэн гэгч байдаг. Хилийн ажилчдын байр нийлүүлэх тендерт шалгарч байсан  “Эсдэ” компани нүүрс тээвэртэй холбоо асуудалд удаан хугацаанд хоблогдож ирсэн юм. Үүнээс гадна Хэнтий аймагт баригдсан ч гологдсон нураасан Андлалын хөшөөний тендерт хутгалдаж байлаа.

Тэгвэл энэ удаагийн нүүрсний сонсголоор “Эсдэ” компани нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани гэдгийг шинжээчид батлав. “Эсдэ” компани 3,835 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.

Нүүрсний сонсголын шинжээчдийн зүгээс энэ хүмүүс компанийн үйл ажиллагаанд шууд оролцдог, хувьцаа эзэмшдэг, идэвхтэй оролцож байсан гэдгийг гэрчилсэн. Хилээр бүртгэлгүй нүүрс гаргасан асуудалд Засгийн газрын өөр хоёр ч сайдын нэр дурдагдсан. Тэд бол Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд  Ж.Эрхэмбаатар нар байлаа.

Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий “Шууд хур” компани 717 тонн,  дэд сайд Ж.Эрхэмбаатарын хамаарал бүхий “Нэмэх тээвэр” компани 4,185 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар баримт өчигдөр /2023.12.18/-ийн нүүрсний сонсголын үеэр яригдав.  Шинжээчийн дүгнэлтээр нийт 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна. Энэ нь тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд 2.6 их наяд төгрөгийн хулгай яригдаж байгаа юм.