Д.Амарбаясгалан: Малчин зээлийн хүүгийнхээ зургаан хувийг өөрөө, үлдсэнийг нь Засгийн газар төлнө

Serelt admin 2024-02-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэнтэй холбоотой багц асуудлуудыг хэлэлцжээ. Ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар хорогдсон малын тоо 2.2 саяд хүрсэн. Гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ тоо хэд хүрэхийг хэлж мэдэхгүй. УОК эрсдэлийн үнэлгээг урьдчилан хийж байна. 2009-2010 оны зуднаар 10.5 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэг шийдвэр гаргалаа. Улсын болон аймаг орон нутгийн төсвийн давсан орлгоос зохицууллат хийх замаар санхүүжилж шийдвэрлэнэ. Тарилан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийг будааг малчдад дэмжлэг болгон олгоно. 14 аймгийн 111 сумын малчдад олгох юм. Төмөр зудын байдалтай байгаа сум болгонд 150 тонн, цагаан зудтай байгаа сумдад 75 тонн тэжээлийн будааг хүргэнэ. Нэг малчин айлд дунджаар 250 кг тэжээлийн будаа олгохоор байгаа.Малчдад хоол тэжээлийн дэмжлэг олгохоор боллоо. Үүнд зориулж улсын нөөцөөс таван тэрбум төгрөг зарцуулна. 117 мянган малчин айлын өрх тус бүрд 10 кг гурил, таван кг цагаан будаа хүргэнэ.

Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулж байна. Хүүгийн хуримтлал үүсэж байгаатай холбогдуулан хүүгийн зургаан хувийг малчин өөрөө үлдсэн хувийг нь Засгийн газраас төлнө. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулна. Малчдын нийт зээлийн хүүгийн хуримтлал 280 тэрбум төгрөг болох тооцоо гарсан.   Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгож малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.

Гурилын үнийн өсөлт малчдад хүндрэл үүсгэж байна. 50 кг-ын шуудай гурил 120-130 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэнэ. Импортын гурил оруулж ирснээр үнэ буурна гэж үзэж байгаа. Татвараас чөлөөлөх хугацаа, импортоор оруулж ирэх хэмжээнд ямар нэгэн хязгаар байхгүй. Гурилын үнэ буурсан тохиолдолд энэ шийдвэрийг цуцална.Зуд болж байгаа аймгийн Засаг дарга нарт сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах эрхийг олгож байна. БСШУ-ы сайдтай зөвшилцөөд шийдвэрээ гаргаж болно.Авто машины хангалт маш ихээр яригдаж байгаа учраас улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж гурван төрлийн 105 автомашиныг дотоодын зах зээлээс яаралтай худалдан авч сумдад хүргэхээр боллоо” гэлээ.