Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.04.03) хуралдаан гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр буюу 61.1 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдааны эхэнд хэлэлцэн, батлав. Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
Байнгын хорооны тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувийн саналаар дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы 2024 оны 04 дүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.
Байнгын хорооны хуралдаан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Энхтүвшин танилцууллаа.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан гэв. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Монгол Улсад нэвтэрч, амжилттай үйл ажиллагаа явуулж буй франчайз эрхтэй сүлжээ дэлгүүрүүдийн хөрөнгө оруулалт хууль журмын дагуу эсэхийг, койн болон цахим мөрийтэй тоглоомын орчинд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг эсэхийг, цаашид үүн дээр эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгохтой холбоотой брокерын пүүсүүдийн үйл ажиллагааны тодорхойгүй байдлаас үүдэлтэйгээр иргэдээс ирүүлж байгаа гомдлыг тэрбээр уламжлаад, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг эсэхийг тодруулсан. Франчайз эрхтэй сүлжээ дэлгүүрүүд нь олон мянган хувьцаа эзэмшигчтэй, засаглалын хувьд маш оновчтой загвараар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлээд “Нийгэмд эерэг үр нөлөө үзүүлдэг гэж харж байна. Тухайлбал, 24/7 үйл ажиллагаатай, бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн стандартын дагуу бэлтгэдэг, оюутнуудад хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгосон гээд олон давуу талууд байна. Хувьцаат компанид тавигдах бүхий шаардлагуудыг тавьж, хяналт тавьдаг бөгөөд Хорооноос олон нийтийн компани болох зөвшөөрөл өгсөн” гэдэг хариултыг өгөв. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орсны үндсэн дээр Хороо виртуал хөрөнгийн биржүүдийг бүртгэж байгааг мөн тэрбээр дурдаад өдгөө 12 виртуал хөрөнгийн бирж бүртгэгдээд байна гэв. Цахим мөрийтэй тоглоом нь олон улсын хэмжээний асуудал болсныг Д.Баярсайхан дарга хэлээд “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр Монголбанк, Боловсролын яамтай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн цахим луйвар, залилангаас урьдчилан сэргийлэх бүхий л төрлийн сургалт, сурталчилгаа, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сувгуудаар түгээж байна. Цаашид энэ үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага бий гэж харж байгаа” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигтай холбоотой гишүүний асуултад тэрбээр хариулахдаа “Ногдол ашгийг олгохтой холбоотой ямар нэг хүндрэл гараагүй гэж бодож байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үнэт цаасны дансуудаар дамжаад олгогдож байгаа. Энэ төрлийн дансгүй тохиолдолд НӨАТ-ын буцаалт дээр бүртгэгдсэн банкны данс, хүүхдийн мөнгө олгогдож байгаа дансаар нь олгож байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр давхардсан тоогоор 2.5 сая иргэн данс нээлгэсэн байна. Үнэт цаасны тусгай зөвшөөрөл бүхий 52 компани бүртэлтэй бөгөөд тэдгээрийн мэдээлэл тус бүрийн вэб сайт дээр бий, эсхүл Санхүүгийн зохицуулах хорооны frc.mn сайт дээр ч мөн бүртгэл мэдээлэл нь бий” гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг цахим луйвар, залилан, мөрийтэй тоглоом зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л төрлийн сургалт, сурталчилгаа, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сувгуудаар эрчимжүүлж, идэвхжүүлж ажиллахын чухлыг хэлэв. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Б.Баттөмөр гишүүн тэмдэглээд 11.9 их наяд төгрөгийн одоо үнэлгээтэй байгаа, энэ нь ДНБ-д харьцуулахад чамлалтай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хөрөнгийн зах зээл дээр технологи дэвшил дагасан шинэ ажил, үйлчилгээнүүд нэвтэрч байгаа ч эдгээрийн эрх зүйн баримт бичигт тухай бүр тусгаад байх боломж байдаггүй хэмээгээд тус зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэхүйц зохицуулалт бүхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгааг онцлов. Хуулийн төсөл батлагдсаны дараа эдийн засгийн зохистой харилцаатай уялдаж байж хэрэгжин, үр дүнтэй ажил болно гэдэг саналыг тэрбээр хэлж байлаа.
Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Байнгын хороодын дарга нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан юм.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан байдаг. Мөн Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал гэж заасан бөгөөд уг газрын зааг, ашиглах журмыг тогтоох бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан байдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн дурдлаа. Дээрх хуулийн зохицуулалтууд нь гадаадын иргэн, хуулийн этгээд газрыг ашиглуулах асуудлыг зохицуулж байгаа атал Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид газрыг 100 хүртэлх жилийн хугацаагаар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохицуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д хөрөнгө оруулагчдад “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах”, хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг үзүүлж болохоор тусгасан нь мөн адил газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ тодорхой хугацаа, болзол, журмын дагуу ашиглуулахаар заасан Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуультай тус тус зөрчилдөж байна гэв. Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж Улсын Их Хурлын албан ёсны цахим системээр дамжуулан саналаа илэрхийлсээр байгааг төслийн танилцуулгад дурдсан. Иргэн Н.Номун-Эрдэнээс “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэхийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын цахим системд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг өргөдлийг 100.167 иргэн дэмжиж саналаа өгөөд байгаа аж. Иймд хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлт бүхий хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, Ц.Цэрэнпунцаг гишүүнээс хариулт, тайлбар авсны дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 54.5 хувь нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй