ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН БАЯНДУН СУМЫН НОГООЧИДТОЙ УУЛЗАВ

Serelt admin 2024-05-5

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Дорнод аймгийн Баяндун сумын ногоочидтой уулзалт хийлээ.

Уулзалтаар сайд Х.Болорчулуун Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд түүнчлэн газар тариалангийн салбар, хүнсний ногоочдод үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмс, хүнсний ногооны зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж худалдан авсан аж ахуйн нэгжүүд, иргэдэд 2022 оноос олгож эхэлсэн 50 хувийн урамшууллыг энэ онд үргэлжлүүлэн олгох тухай,
2022 оноос 11 нэр төрлийн хүнсний ногооны үрийг 80 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа болон зах зээлд борлуулсан хүнсний ногоонд мөнгөн урамшууллыг газар тариалангийн үйлдвэрлэлийн цахим мэдээллийн www.plant.mofa.gov.mn системээр дамжуулан олгох талаар мэдээлэл өгөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид, ногоочид хөнгөлөлттэй зээлд хамрагдан хоршиж ажилласнаар борлуулалтаа аймгийн хэмжээнд өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, тогтмол орлогоо нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтойг танилцууллаа.

Баяндун сум нь тарвас, төмс, үхрийн нүд тариалахад илүү тохиромжтой хөрстэй нутаг юм.