Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс салбарын хүний нөөцийн асуудалд чухалчлан анхаарал хандуулж, суурь судалгааг улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн.
Дээрх судалгааны үр дүнд үндэслэн салбарын хүний нөөцийн Стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний төслийг орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчдад танилцуулан, хэлэлцүүлэх зорилгоор “Орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2024 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ:
Энэ удаагийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах “Чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага” зорилтот сургалтад Нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж:
- Чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын онол, арга зүйн мэдлэг олгох
- Хүний нөөцийн удирдлагын арга хэрэгслүүдийг оновчтой ашиглах чадварыг эзэмшүүлэх
- Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүрэг, манлайлал, харилцааны ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр суралцаж, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргүүдийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлэн, үйл ажиллагаандаа үр дүнтэй хэрэглэх хандлага, зан үйлд суралцлаа.
Тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын ахлах референт М.Алтанбагана, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Нармандах нар уригдан ирж сонирхолтой яриа өрнүүлж, туршлага солилцлоо.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:
Салбарын хүний нөөцийн Стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах, хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэллээ. Тэрбээр сургалт, хэлэлцүүлэгт хамрагдаж буй албан хаагчдад хандан Хүний нөөцийн асуудал хариуцах албан хаагчдын хувьд төрийн захиргааны үйл ажиллагааг хариуцах хэдий ч байгууллагын удирдлага- албан хаагчдын хоорондын гүүр, холбоос болон ажилладаг. Энэ ч утгаараа та бүхнийг байгууллагынхаа манлайлагч, нөлөөлөгч албан хаагчид гэж харж байгаа.
Та бүхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн түлхүүр болсон албан хаагчид гэдгийг үргэлжид санаж, ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа хичээн, эрмэлзэл, санаачлага дүүрэн ажиллахыг уриаллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Төрийн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, эмэгтэй удирдах албан тушаалтны манлайлал, нөлөөлөл, ажил амьдралын туршлагаас хуваалцах, хувь хүний хөгжил, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хэрхэн төлөвлөх талаар “Зочинтой ярилцлага”-ыг зохион байгууллаа.
Ярилцлагад:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Саран
- Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), дэд профессор, ХАА-н ШУА-ийн дэд ерөнхийлөгч, тэргүүлэгч гишүүн М.Бямбасүрэн нар зочноор уригдан оролцлоо.
Мөн түүнчлэн:
- Салбарын хүний нөөцийн Стратеги төлөвлөгөөний төслийн танилцуулгыг Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Долгорсүрэн
- ХХААХҮЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч М.Чулуунцэцэг нар танилцуулж, оролцогчидтой санал солилцон, харилцан ярилцлаа.
Цаашид орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар, албан хаагчдын ажлын чиг үүрэгт нийцүүлэн зохион байгуулна.
0 cэтгэгдэлтэй