Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчилж байна. Түүний онгоц өчигдөр 21:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан. Айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа юм .
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөсөн байна.
Мөн айлчлалын үеэр Дулааны III цахилган станцын зураг төслийг оросын талын компаниар гүйцэтгүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Одоо төрийн ордонд гарын үсэг зурах ёслол болж байна.
Хоёр орны харилцааны түүхээс дурдвал, 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээж байсан. Ерөнхийлөгч Путин 2000 онд анх удаа манай улсад айлчлан ирж байсан бол 2014 онд Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцож, 2019 онд Халхын голын байлдааны 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан албан ёсны айлчлал хийж байсан юм.
0 cэтгэгдэлтэй