УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарийг томилов

Serelt admin 2024-09-17

УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтныг чадавхжуулах, олон нийтэд парламентын боловсрол олгохоос гадна парламентын номын сангийн үйл ажиллагааг хариуцна.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар тус хүрээлэнгийн захирлаар профессор Дагва-Очирын Бумдарийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр томилов. Д.Бумдарь нь 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Математикийн сургуулийг инженер багш мэргэжлээр, 2008 онд Япон Улсын Кокушикан их сургуулийг улс төр судлаачаар төгсжээ. Мөн 2013 онд Япон Улсын Кокушикан их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2013 онд Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимд уригдан ирж, дэд профессороор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 оноос Улс төр судлалын тэнхимийн профессор зэрэглэлд ажиллах болсон. Монгол Улсын их сургуулийн дэд профессор цолтой.

Гадаад бодлого, ардчиллын институцүүд, цахим засаглал, зан үйлийн шинжлэх ухааны хүрээнд салбар дундын судалгааг дагнан судалдаг Д.Бумдарь нь Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшил зэрэг улс төрийн тогтолцооны шинэчлэлийн талаар сүүлийн 10 жил олон нийтийг мэдээлэл, судалгааны үр дүнгээр хангаж иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.