Томоохон төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байна

Serelt admin 2024-09-18

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 9 дүгээр сарын 10, 13-ны өдрүүдэд хуралдлаа. Тус хурлын шийдвэрийг та бүхэнд танилцуулья.

Энэ удаагийн хурлаар; 1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэх, 2) хүүгийн коридорыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь болгож өргөтгөх, 3) банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх, 4) банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэрүүдтэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзлээ.

  • Геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна.
  • Томоохон төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байна.

Гэхдээ геополитикийн тогтворгүй байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлтээс доогуурх гүйцэтгэл нь тодорхой бус байдал, эрсдэлийг голлон тодорхойлж байна.

  • Инфляц сүүлийн 5 сарын турш түүний зорилтын интервалын голчийн орчимд тогтвортой хадгалагдаж, энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарлаа.
  • Инфляц өмнөх сараас нэмэгдэхэд импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлж байна.
  • Нийлүүлэлт, гадаад шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс бага байгааг харгалзан инфляцын энэ оны төсөөллийг буурууллаа.
  • Төсвийн тодотголоор ирэх онд дотоод эрэлт тэлж, инфляц өсөх дарамт нэмэгдэх хэдий ч, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, гадаад инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалахаар байгаа тул инфляц зорилтын дээд интервалын орчимд тогтворжих хүлээлттэй байна.

Гэхдээ УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй болох нөхцөлд төлбөрийн тэнцэл муудах, валютын ханшид ирэх дарамт нэмэгдэх, инфляц хүлээлтээс давж өсөх эрсдэл байгааг энд онцлон хэлье.

Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагаст 5.6 хувиар өслөө.

  • Хөдөө аж ахуйгаас бусад бүх салбарт эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж, өсөлтийг дэмжлээ.
  • Өрхийн хэрэглээ сүүлийн 5 улирал дараалан 10 хувийг давж өсөж, төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдсэн нь өсөлтийг голлон тэтгэлээ.
  • Эдийн засгийн гол салбарууд, тэр дундаа худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчилж, 5.5 хувь болгон нэмэгдүүллээ.
  • Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 хувийн орчимд байхаар байна.

Гадаад эрэлт таатай хэвээр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.

  • Үүний үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна.
  • Гэхдээ эдийн засгийн идэвхжил болон төсвийн тэлэлттэй уялдан импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна.
  • Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдлаас гадна төсвийн төлөв нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд голлон нөлөөлнө.

Инфляц ирэх улирлуудад зорилтот интервалд хадгалагдах, гадаад хүү буурах хүлээлттэй, үүний хөрөнгийн урсгал, валютын ханшид ирэх нөлөө зэргийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь

1/ Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргалаа.

2/ Банкны салбарын нийт зээлийн өсөлт эрчимжиж, хэрэглээний импортыг урамшуулах, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдах нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэхээр шийдвэрлэв.

3/ Эдийн засаг сэргэж, зээлийн нийлүүлэлт нэмэгдсэн энэ үед хүүгийн коридор бодлогын хүүнээс +/-1 нэгж хувьд буюу нарийн коридортой байгаа нь мөнгөний захын идэвхжлийг бууруулж, бодлогын зардлыг өсгөж байгаа тул Мөнгөний бодлогын хороо хүүгийн коридорыг өргөтгөх шийдвэр гаргалаа. Хүүгийн коридорыг өргөсгөж байгаа нь төв банкны санхүүжилтийн хүүг өмнөх түвшинд хэвээр хадгалах нөлөөг үзүүлнэ.

Эдгээр багц бодлогын шийдвэрүүд нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа!