Нүүрс ачилт буулгалтын талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөглийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын С зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нийт 52 030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
НАБТ-ын пүүний программд С зөвшөөрөлтэй тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан нийт 5.2 сая тонн нүүрснээс 1.1 сая тонн нүүрс тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байна.
Нүүрс ачилт буулгалтын талбайн пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөглийг тээврийн хэрэгсэл тус бүрийн улсын дугаараар тулган баталгаажуулалт хийхэд давхардаагүй тоогоор нийт 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр нүүрс экспорт хийсэн байж болзошгүй байна. Тухайлбал, 7 тээврийн хэрэгсэл нийт 100-аас дээш удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа, 9182 тээврийн хэрэгсэл 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон байж болзошгүй байна.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Монгол Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсныг шинжээчийн дүгнэлтэд дурдлаа. Үндсэндээ 5 тэрбум орчим ам.долларын нүүрсний асуудал энд яригдана. Нийтдээ 3000 орчим жолооч гарснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэж, хил гаалиар гарсан 20 жолоочийг дуудсан байгаа. Мөн бүрдүүлэлт хийлгэхгүй хамгийн олон удаа нүүрс тээвэрлэсэн 15 компанийн удирдлагуудыг дуудсан.
0 cэтгэгдэлтэй