Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж сурах талаар ярилцлаа.
-Монголчуудын санхүүгийн мэдлэг боловсрол ямар хэмжээнд байгаа талаар судалгаа бий юу. Ер нь хүмүүс эдийн засаг, санхүүгээ удирдах гэхээр ойлгоход хүнд хэцүү зүйл гээд байх шиг байдаг юм?
-Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын санхүүгийн салбар дахь бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, харилцагчдын эрх ашгийг хамгаалж буй байдал болон тэдгээрийн эдийн засаг, санхүүгийн мэдлэг, боловсролын өнөөгийн байдлыг олон улсын түвшинтэй харьцуулсан судалгаа хийсэн. Уг судалгаагаар харилцагчдын банк санхүүгийн үйл ажиллагааны талаарх мэдлэг дутмаг байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ судалгааны үр дүнд үндэслээд Монголбанк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг санаачлан боловсруулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2016-2021 онд амжилттай хэрэгжүүлсэн. Үүнээс хойш Монголбанкнаас давтан судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаар 2021 онд гүйцэтгүүлсэн юм. Энэ судалгаанаас харвал иргэдийн санхүүгийн мэдлэг тодорхой хэмжээнд сайжирсан нь ажиглагдсан. Гэвч инфляц, ДНБ гэх мэт зарим сэдвүүдийн талаарх мэдлэг хэт ерөнхий, хязгаарлагдмал байна. Тиймээс энэхүү ажлыг цааш үргэлжлүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.
-Тэгвэл та бүхэн иргэдэд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх талаар ямар ямар ажил хийж байна. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан сургалт, гарын авлага юу байна вэ?
-Монголбанкнаас “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг үндсэн дөрвөн зорилтот бүлэгт чиглэн хэрэгжүүлж ирсэн. Нэгдүгээрт, өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан Бизнес судлал хичээл орж байна. Энэ хичээл сонгон судлах хэлбэрээр ордог тул нийгэм судлал болон газарзүйн багш нь давхар заагаад явж байгаа юм. Манай зүгээс гарын авлага, судлагдахууныг нь бэлтгэж өгсөн. Өнгөрсөн оны байдлаар www.medlee.mn сайт дээр 2000 гаруй хүүхэд сонгон судалсан дүн бий. Хоёрдугаарт, Их дээд сургуулийн оюутнуудыг санхүүгийн боловсрол олгох хичээлд хамруулдаг. Энэ хүрээнд одоогоор 10 их, дээд сургууль дээр мэргэжил харгалзахгүйгээр “Хувь хүний санхүү” гэсэн хичээл орж байна. Гуравдугаарт, орон нутгийн иргэдэд чиглэсэн сургагч багш нарыг бэлтгэж, 13 төрлийн гарын авлагаар хангаж байгаа. Дөрөвдүгээрт, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу сошиал болон веб хуудсаар дамжуулан мэдлэг, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулдаг. Үүнээс гадна бид өнөөдөр санхүүгийн мэдлэг олгох үйл ажиллагааны дараагийн шатны ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд дээр дурдсан зорилтот бүлгүүдийг хамруулахаас гадна, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг батлан, хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн 2021 оноос эхлэн Монголбанкны Ерөнхийлөгч болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг баталан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотод болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн багц сургалтуудыг бусад холбогдох байгууллагуудтай хамтран олгож, ажилласан.
-Хувь хүний санхүүгийн сахилга бат, хариуцлага ямар зүйлээс эхэлдэг юм бэ. Санхүүгээ хэрхэн удирдах талаар анхан шатанд юунд анхаарах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай. Учир нь хүмүүсийн орлогын байдлаас хамаарч амьдралын түвшин өөр өөр байдаг. Зарим хүн хэд хэдэн эх үүсвэрээс орлого олж байхад нөгөө нь орлогын ганц эх үүсвэртэй байдаг. Тэр ч бүү хэл огт орлогын эх үүсвэргүй нэгэн ч бий. Тэгэхээр хувь хүн, өрх бүл ямар ч орлоготой байсан хүсэл дагасан хэрэглээ, худалдан авалт хэт их хийвэл мөнгө нь хүрэлцэхгүй. Учир нь хүсэл хэрэгцээ хязгааргүй, мөнгө хязгаарлагдмал гэдэг үг бий. Тиймээс хүсэлд бус хэрэгцээндээ төвлөрч хязгаарлагдмал мөнгөө оновчтой удирдаж сурах, зөв дадал зуршилтай болох нь чухал. Энэ нь өөрөө санхүүгийн боловсрол гэхээс илүү амьдралын нэг чухал ухаан юм. Монголчууд бидний хувьд анзаарагддаг нэг том алдаа бол санхүүгээ төлөвлөдөггүй. Улмаар санхүүгийн шийдвэр гаргалт нь хэт ойрыг харсан байх хандлагатай байдаг. Зээл гэдэг бүтээгдэхүүн дээр жишээ авахад иргэд зорилгоо зөв тодорхойлдоггүйгээс гадна, төлөлтийн хуваарь, цаашдын орлогын тооцооллоо буруу хийснээс үүдэн ихээхэн асуудалд ордог тал бий. Нөгөөтээгүүр, хадгаламж, хуримтлал үүсгэхдээ хэрэглээд үлдсэн орлогоосоо бус орлого орж ирсэн дариуд, хэрэглэхээсээ өмнө байршуулж байх нь зохистой.
Хөгжингүй улс орнуудын санхүүгийн мэдлэгтэй иргэдийнх нь орлогоо хуваарилахад ашигладаг нэг энгийн арга байдаг. Энэ бол 50/30/20-ын дүрэм. Тус дүрмийг баримталснаар орлогынхоо түвшнээс давсан зардал гаргахгүйгээр хувийн болон өрхийн санхүү, төсвийнхөө оновчтой хуваарилалтыг хийж хуримтлал үүсгэх боломж олгодог онцлогтой юм. Дээрх дүрмийг задлаад хэлбэл орлогынхоо 50 хувийг хэрэгцээндээ зарцуулж 30 хувийг нь өөрийн хүсэл буюу хобби харин үлдсэн 20 хувийг нь хадгаламж эсвэл хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулахыг тусгасан схем юм. Ингэснээр онцын шаардлагагүй зардлаа танаж хүсэл, хэрэгцээгээ ялгаж худалдаа хийх нөхцөл бүрдэнэ. Хувь, хүний болоод өрхийн эдийн засаг ердөө л энэ шүү дээ.
-Тэгэхээр хувь хүн, өрх бүл мөнгө, санхүүгээ зөв удирдах нь чухал гэж ойлголоо. Дахиад асуухад нөгөө л санхүү…?
-Өрхийн орлого, зардлыг тооцож, төсөвлөх нь өрхийн гишүүдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хүртээмжтэй хуваарилалт хийх, хуримтлалыг бий болгоход ихээхэн ач холбогдолтой юм. Энэ нь дан ганц санхүүгийн асуудал биш. Гэр бүлийн харилцаа, цаашлаад нийгмийн түвшинд эерэг нөлөөтэй асуудал. Өрхийн төсвийн зорилго нь өрхийн гишүүдийн материаллаг болон оюун санааны хэрэгцээг өрхийн хязгаарлагдмал нөөцөөр бүрэн дүүрэн хангахад чиглэдэг. Иймээс өрхийн төсвийн гол үүрэгийг тодорхойлох ёстой л доо. Тухайлбал, өрхийн орлогыг зөв, үр ашигтай хуваарилж, зарцуулахад оршдог гэдгийг бид мэднэ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн нас, хүйс, боловсрол, эрхэлж буй ажил, мэргэжил зэргээс хамаараад өрхийн орлого харилцан адилгүй эх үүсвэрээс бүрддэг шүү дээ. Иймд өрхүүд санхүүгийн сахилга сайтай, улирал, хагас болон бүтэн жилээр өрхийн төсвийн төлөвлөгөөгөө гарган мөрддөг болох нь чухал. Үүний тулд өрхийн төсвөө тогтмол хөтөлж сурах хэрэгтэй юм. Цаашлаад тодорхой хугацаанд архийн болоод хувь хүний орлогоо хянаж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өнгөрсөн хугацаанд зарцуулсан зардлаа хянаж сураарай гэж хэлмээр байдаг даа. Хамгийн гол нь ямар зүйлд мөнгө их зарцуулсан, юунаас хэмнэлт гаргах боломжтойг л ойлгох хэрэгтэй гэж дахин дахин хэлмээр санагддаг.
-Тэгэхээр иргэд маань мөнгө, санхүүгийн талаар ярихаар л өнөө зээл, хадгаламжийн талаар сонирхоод байдаг тал ажиглагддаг. Сүүлийн үед бас хувьцааны талаар сонирхоод эхэлсэн байна лээ. Энэ талаар…Ялангуяа өөрийн харилцагч банкны хувьцаа авсан байдаг даа?
-Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Энэ хүрээд системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгосон. Монголбанкнаас банкны секторын зохицуулагч байгууллага гэдгээс гадна Төв банкны хуульд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж заасны дагуу анхаарч байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын мөн чанарыг ойлгохгүй, түүний эрсдэл, өгөөжийг тооцож санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадвартай хүмүүс харьцангуй цөөн байна. Иймд бид иргэдэд хөрөнгө оруулалтын талаарх ойлголт өгч, банкны хувьцаа эзэмшигчдэд олгох нь нэн чухал гэж үзээд сургалт хийж байгаа. Сургалтад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийн ялгаа, хөрөнгө оруулалтын хувилбар сонгохдоо юуг анхаарах, багц бүрдүүлэлт, хөрвөх чадварын талаарх ойлголтууд, эрсдэл өгөөжийн хоорондын хамаарал, компанийн засаглал гэх мэт мэдээллийг аль болох энгийн, ойлгомжтой өгөхийг эрмэлздэг.
Монголбанкны хувьд энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагуудтай хамтран цаашид идэвхтэй ажиллахаар зорьж байгаа. Компанийн тухай хуульд хувьцаат компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлан хуралдуулна гэж заасныг үндэслэн 2024 оны дөрөвдүгээр сард энэ хүрээнд сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулна.
-Сүүлийн үед иргэд цахим залиланд нэлээд өртөх болсон. Цагдаагийн байгууллагаас цахим залиланд өртсөн иргэдийн тоо, мөнгөн дүн нэмэгдсэн гэж мэдээлж байгаа. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бол?
-Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийг багасгах, санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг 2020 оноос эхлэн Монголбанк, ЦЕГ, МБХ болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна. Санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлж байх ёстой ойлголт. Тиймээс бид санхүүгийн суурь мэдлэгт багтдаг үндсэн сэдвүүдийн нэг болгосон. Энэ сэдвийн хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрх үүрэг, санхүүгийн залилан луйврыг яаж таньж, мэдэх, фишинг буюу цахим халдлага, луйварт өртөхгүй байхын тулд юуг мэдвэл зохих, хэрэв хохирогч болсон тохиолдолд хаана хэрхэн хандах гээд цогц байдлаар мэдлэг, мэдээллийг холбогдох сувгуудаар дамжуулан өгдөг юм. Ийм гэмт хэргийг бууруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч, тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэж, мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.
-Дахиад асуухад хувь хүн, өрх бүр орлогоо зөв удирдах талаар сүүлийн үед ямар арга хэмжээ зохиож байна вэ?
-Ер нь Монголбанк нь жил бүр уламжлал болсон хоёр аяныг зохион байгуулж ирсэн. Тухайлбал, Дэлхийн мөнгөний долоо хоног аяныг гуравдугаар сарын 20-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг дуустал хэрэгжүүлж ирсэн. Хэржгүүлсээр ч байгаа. Энэ аян нь иргэд мөнгөө зөв удирдаж сурахад анхаардаг. Үүнд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагууд ч оролцож удирдан, зохион байгуулдаг юм. Монголбонк 175 онд хэрэгждэг энэхүү нөлөөллийн ажлыг 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн хувьд “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатайгаар санхүүгийн залилангаас сэргийлэх чиглэлээр хэрэгжинэ.
0 cэтгэгдэлтэй