Улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарлаа

Serelt admin 2024-09-17

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний наймдугаар сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарчээ. 2024 оны наймдугаар сард улсын хэмжээнд инфляц 6.5 хувьтай гарсны 2.1 нэгж буюу 32.4 хувиар хүнсний бүлэг нөлөөлжээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ жилийн өмнөхөөс 6.5 хувь, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өссөн байна. Үүнд, хүнсний бараа буюу ундаа усны бүлгийн дүнгээр 7.3 хувь, хувцас бөс бараа гутлын үнэ 7.2 хувь, гэр ахуйн бараа, тавилга 6.5 хувь, зочид буудал нийтийн хоол 7.4 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн дүн 18.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны хувьд Монгол Улс 2024 оны эхний наймдугаар сард нийт 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.6 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллар , экспорт 620.0 сая ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 935.6 сая ам.доллароор буурчээ.

Экспортын хувьд 2024 оны эхний наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 620.0 сая ам.доллароор өсөхөд нүүрс 372.5 сая ам.доллар, зэсийн баяжмал 195.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 159.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин цайрын хүдэр, баяжмал 68.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 50.1 сая ам.доллароор буурсан байна.