Төрийн цагдаа руу “салаавч” гаргагч этгээдийн "НО"-той, "НОЦТОЙ" баримтууд дэлгэгдлээ
  #   НИЙТЛЭЛ   2017-09-30 13:44:17

Энэ сарын 21-ний 16 цаг орчмын үед хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн хэрэг гарчээ. Тэрхүү хэргийн бичлэг өчигдөр буюу энэ сарын 29-нд сошл сүлжээнд цацагдаж, олон нийтийн дургүйцлийг нэлээд хүргээд байгаа юм.

Хэрэг гарах үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2-т зааснаар хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Мөн 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон хэмээн Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлжээ. 

Энэхүү бичлэгээс үүдэн танхайрагч этгээдийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн гэх мэтээр маш олон таамаг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэхдээ баттай эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охин Э.Аззаяатай хуримлаж, хүүхэдтэй болсон ч гэр бүлээсээ салсан нэгэн ажээ. 

Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар энэхүү танхайрагч этгээдтэй өөрийнх нь нэрийг хамаатуулж, нэр хүндэд нь санаатайгаар халдсан хэмээн үзэж zuv.mn, fact.mn мэдээллийн сайтууд болон "МАХН босно", "Ноцтой мэдээ", "Хошин шог", Khas Zaya зэрэг фэйсбүүк аккаунтуудыг шалгуулахаар СБД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. 

Цагдаагийн албан хаагч руу салаавч гарган, Чи хэн юм, чамайг амьтан болгоноо хэмээн танхайрсан этгээдийг Цэцэгээгийн Баярцогт гэдэг бөгөөд түүний хууль зөрчсөн үйлдэл зөвхөн тэр өдрөөр хязгаарлагдахгүй аж. Учир юу гэвэл олон нийтийн сүлжээгээр түүний гэмт хэрэг үйлдсэн гэх маш ноцтой мэдээллүүд цацагдаад байгаа юм.

1. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэн. 
Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын Хуст нарийн амны алтыг хууль бусаар олборложээ. Хуст нарийний ойг тэр чигт нь бульдозероор түрээд голын гольдролоор нь ухаж алт олборлосныг харвал зүрх шимширмээр болгосон хэмээн орон нутгийн иргэд ярьж байна. Хууль бус алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоож, хэрэг үүсгэн техникийг нь лацдаж битүүмжлээд явсан ч лацыг нь таслаад үргэлжлүүлэн ухсаар дуусгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр алт олборлох үйл ажиллагааг нь гурван удаа зогсоосон ч тус болоогүй аж. Хууль зөрчсөн хэмээн хорьсон ч ганцхан хонуулаад шүүх гаргачихдаг гэнэ. Прокурор тэр чигтээ түүнд үйлчилдэг. Нутгийн иргэдийн нэхэмжлэлээр энэ хэргийн шүүх хурал 2017 оны аравдугаар сарын 04-ндСэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох ажээ. Уг шүүх хурлаар хууль бус олборлолтоос гадна тэр хэрэг дотор 162 сая төгрөгийн залилангийн үйлдэл мөн хөндөгдөх аж.

2. Залилангийн гэмт хэрэгтэн

Иргэн Батбаяр гэдэг хүн Ц.Баярцогтын уурхайд хөрөнгө оруулалт болгож 162 сая төгрөг оруулсан ч залилуулжээ. Хохирогч Батбаяр түүнд залилуулснаа мэдээд гэрээслэл бичин амиа хорлохоор судсаа ханан, үхлүүт байхад нь гэрт нь хүн орж аварсан байна. Тэрээр гэрээслэлдээ энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор Сандагсүрэн, Нямдорж нар миний үхэлд буруутай гэж бичсэн байжээ. Үүнээс үүдэн прокурор хэргийг дахин сэргээж Сэлэнгийн шүүхэд шилжүүлэхдээ хохирогч Батбаярыг мөн адил хууль бус олборлолтод оролцсон гээд нийт зургаан хүнд яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байна.

3. УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очир, Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нартай холбоотой юу?

Түүний  удаа дараагиийн хэргийг шалгахаар Мөрдөн байцаагч дуудахад ирдэггүй албан ёсны хаяг дээр нь яваад очихоор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин амьдарч байжээ.
Ц. Баярцогт нь УИХ-ын гишүүн / Эм- Си Эс-ийн/ Л.Элдэв-Очирын охин Аззаяатай хуримлаж, дундаасаа нэг хүүхэдтэй болсон байна. Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болох үед хүүгээ гадаадад сургахын тулд Л. Элдэв-Очирт үрчлүүлсэн талаар баримт цацагдаж байсныг та бүхэн санах биз ээ.
Мөн түүнийг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хуурай дүү, зөрчил гаргахдаа унаж явсан УБҮ 1793 машин нь Ж.Эрдэнэбатын машин хэмээн түүний сонгуулийн сурталчилгаанд явсан хүн нотолж байгаа аж.
Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн засаг дарга байх үед буюу 2013 онд тус аймагт Хууль бус олборлолт явуулж байгаад Ц. Баярцогтын хамт УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байжээ. Цагдаагаас хэргийг АТГ-т шилжүүлсэн боловч хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэнэ.

4. Хүн зодож танхайрагч

Ц.Баярцогтыг хүн зодож танхайрсан хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байсан ч 2016 онд хэрэгсэхгүй болгосон байна. Түүний хэрэг яагаад хэрэгсэхгүй болдог вэ гэвэл том ар талтай хэмээн олон нийтийн сүлжээнд цацагджээ. Төрсөн ээж Чимгээ нь прокурорын байгууллагад олон жил ажилласан аж. Сүүлд АНУ явах гэж ээжийнхээ эгч Цэцгээгээр овоглосон түүхтэй. Түүний төрсөн ах Баярбат нь бас хууль бус олборлолт явуулдаг.

5. Төрийн баримтыг хуурамчаар үйлдэгч

Чимгээгийн Баярцогт -Цэцэгээгийн Баярцогт болсон. Дараа нь төрд ажилд орохын тулд нэрээ Баяртогтох болгосон гэх мэдээлэл ч явж байгаа юм.

Юутай ч маяктай машин унаж, төрийн цагдаа руу салаавч гаргасан, том артай залуус энэ мэт дураар авирлачихаад 250,000 төгрөгөөр торгуулиад өнгөрнө гэдэг харамсалтай. Хөрөнгө чинээтэй, хэн нэгэн эрх мэдэлтний хүргэн, хуурай дүү, хамаатан бол хэн ч төрийг, төрийн цагдаатай нь доромжилж, атгаж болдгийн тод жишээ энэ байлаа.

Б.Энх

www.serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

15
7
1317
90
17
13
close