С.Оюунцэцэг: Амьдрал хэмээх далайд хөл алдахгүй сэлж байгаа нь “цагаан зах”-ын минь буян


Монгол Улсын хамгийн том олон улсын худалдааны төв болох “Нарантуул”-аас өнөөдөр олон мянган хүн аж амьдралаа залгуулдаг билээ. 1995 онд Нарантуулыг барьж эхлэхэд хоосон, задгай хог хаядаг жалга байсан гэдэг.

Энэ тухайгаа “Нарантуул” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу нэгэн ярилцлагадаа “Уулнаас цэвэр хайрга татаж авчирч, нэг метр 80 сантиметр хүртэл нь өндөрлөж байлаа. Тэгж байж ийм талбай үүсгэж барьсан. Би анхнаасаа зөвхөн “Нарантуул” байх юм бодож л гадна талбайг нь ингэж тохижуулсан.

Түүнээс биш намайг тойруулаад 73 зах үүсгэнэ гэдгийг би яаж мэдэх юм” хэмээсэн байдаг. Нээрээ ч одоогоос 20 гаруй жилийн өмнө өөрийнх нь барьж, байгуулсан бүтээн байгуулалтын хажуугаар ийм олон зах баригдчихна чинээ санаагүй л байлгүй. 
Serelt.mn сайтаас “Нарантуулаас төрсөн тэрбумтан” нэртэй цуврал ярилцлага, хөргийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Ингээд та бүхэндээ тус булангийнхаа зургаа дахь зочнийг танилцуулж байна. Энэ бол нягтлан бодогчоос  худалдааны салбарт хөл тавьж, монголд анх оёдлын туслах материалыг худалдаалж эхэлсэн цөөн хүний нэг болох С.Оюунцэцэг юм. 
-  

 Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бизнесийн гараагаа анх хаанаас эхлүүлж байсан бэ? 
 

Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Анх дүүгээ дагаж бизнесийн салбарт хөл тавьж байлаа. Ардчилал гараад удаагүй байсан жил бага дүү Одонхүү маань хүүхдэдээ бойтог нэхэж, зардаг байсан юм. 1991 онд намайг ажлаасаа гарсны дараа дүү маань надад туслах материал  хамт зарахыг санал болгож байлаа. Анхандаа зөвхөн оёдлын утас зардаг байсан ч  дараа нь жижиг материалууд зарж эхэлсэн. 
-  

 Хувиараа бизнес эхлүүлэхэд мэдээж мөнгө хамгийн чухал. Таны хувьд хэчнээн төгрөгөөр наймаагаа эхлүүлж байв?
 

Тухайн үед 10 сая орчим төгрөгийн зээл авч, хоёр жилийн хугацаанд төлж байлаа. Ашиг гэх юмгүй ч зээлээ төлөөд, идэх хоол, хувцас авах мөнгө үлддэг л байсан үе. Тэр үед хүн бүр л хувцас, гутал гэх том зүйлийн наймаа хийдэг байсан учраас их хэмжээний зээл аваад шатах вий гэсэн битүүхэн айдас хань бид хоёрт  төрдөг байсан ч өдий хүртэл 16 жил  халуунд халж, хүйтэнд хөрч шантралгүй явсны эцэст дөрвөн хүүхдийнхээ дээд сургуулийнх нь төлбөрийг төлчихсөн, бусдаас дутахааргүй өдий зэрэгт хүрсэндээ баярладаг. Энэ бол Нарантуул захын л буян. Хүмүүс ярихдаа хар зах гэдэг. Харин би цагаан зах гэж нэрлэх дуртай. 
-    

Таны хэлснээр ихэнх хүмүүсийн дунд хар зах гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин та бизнесийнхээ гарааг эхэлж байсан гэдэг утгаараа их элэгтэй байдаг бололтой? 

Тэгэлгүй яахав. Хүмүүс өөр өөрийнхөөрөө  нэрлэдэг л байх. Миний хувьд эндээс хоногийн хоолоо залгуулж, хувийн бизнесээ эхлүүлсэн болохоор “цагаан зах” гэж боддог. Сүүлийн үед залуус “NT shop” гэж нэрлэх болсон байна лээ. 
-  

 Зарим хүмүүст  хувиараа бизнес эрхэлж, наймаа хийх нь амархан  мөнгөтэй болдог гэсэн ойлголт өгдөг. Магадгүй шантарч, замаасаа буцах үе гарч байв уу? 
 

Таны хэлснээр замаасаа буцах үе гарч байгаагүй гэвэл худал хэлсэн болно. Нарантуул зах дээр худалдаа наймаа хийх гэж ирээд дампуурсан олон хүн байгаа. Тэр хүмүүст тэвчээртэй зан, гүйлгээ ухаан, хөдөлмөр дутсан байх гэж хувьдаа боддог. Амьдрал хэмээх далайд хөл алдахгүй сэлж  байгаа нь “цагаан зах”-ын минь буян шүү дээ. 
-  
 Худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн хувьд  гэр бүлдээ зарцуулах цаг хэр их гардаг вэ. Та өөрийн гэр бүлээ танилцуулаач. 


Би нөхөртэйгээ ханилаад 37 жил болж байна. Бид хоёр Увс аймгийн баруун түрүүн сумийн арван жилийн нэг ангийг хамт төгсч хот руу орж ирж байлаа. Энэ хугацаанд дөрвөн сайхан хүүхэдтэй болсон. Өглөө ургах нарнаас үдэш хүртэл миний хань дэргэд минь түшиг болж хамтдаа худалдаагаа эрхэлдэг болохоор гэр лүүгээ яарч, санаа зовох зүйл бага. Мэдээж үр хүүхдүүддээ цаг зав зориулах үедээ гаргана.  Амьдралын утга учир  нь мөнгө  биш хүнд  байдаг гэж би боддог юм.

Ярилцсанд баярлалаа. 

Г.Ундраа
www.Serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
3
close