ГОВЬ-АЛТАЙ - ЭРЭЭН НУУР

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг. Д.т.д 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Хөвсгөлийг Монголын Швейцарь гэж ярьдаг бол говь нутгийн Швейцар нь Эрээн нуур юм аа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалагаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг ажээ. Аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэдэг нь өвөрмөц ертөнц юм.  

Нуураас баруун тийш 6 км зайд танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий болон арын их элсэн манханы орчинд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Урин дулаан цагт олон зүйлийн усны шувууд нуур усанд нь цуглаж, орчин тойронд нь таван хошуу мал багширч нуурын үзэсгэлэнг улам нэмнэ.

Байгалийн содон тогтоц болох Эрээн нуурын тухай дотоод гадаадын гийчид шагшин магтахын зэрэгцээ 10 гаруй дуу, шүлэг зохиогдсоноос нутгийн уугуул яруу найрагч Д.Лхагвасүрэнгийн шүлэг, УГЖ Л.Тэрбишийн хөгжим “Эрээн нуур” дууг УГЖ Г.Жанчив, УГЖ Д.Банзрагч нар дуулж Монгол оронд дэлгэрүүлсэн билээ.

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд Цээлийн загас өртөөлөн наадсан Цэлэлзэх мандал нь мөнгөрөн бидэртээд Цэнгийн нүүдэл хоргодрн чуулсан .... Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан  инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ. Өөр нэгэн хууч ярианд, Эрээн нуур, Их Монгол элсэн манханыг ороо морь, хурдан морины савдагтай хэмээдэг. Их Монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо давхилдах Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан хэмээн өвгөд хөгшид домог болгон ярьдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close