Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах саналыг буцаажээ

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, "Таван толгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсныг Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөөд шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. 2002 оны Эрүүгийн хуулинд 263-р зүйлд зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хэрэг бүртгэлийн хэрэг шалгаж байна. Уг хэрэгт өнгөрсөн сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр байцааж асуусан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийгдэж байна" гэлээ. 

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс уран зураг хураасан гэдэг асуудал байна?

-ХУД-ийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс тухайн мэдээллийг тухайн дүүргийн прокурорын байгууллагаас мэдээлэл авах боломжтой.

-Цагдаагийн байгууллагаас Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг яллагдагчаар татах хүсэлтээ танайд хүргүүлсэн байгаа. Танайх ямар хариу өгсөн бэ?

-Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллароор худалдан авсан гэх эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, ООрхон, Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан, мөнгө угаах гэсэн гэмт хэрэгт  яллагдагдагчаар татах хүсэлт ирсэн. Тодруулбал, О.Орхон, Б.Эрдэнэбилэг нарыг Банкны чадварыг алдагдуулсан гэсэн зүйл ангиар яллагдагчаар татах саналыг ирүүлсэн. Прокурорын байгууллагаас тус хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байгаа. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахаар 400 сая ам.долларыг хэрэв төрийн мөнгөнөөс авсан бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа бас яригдана. Хэрэгт авагдсан нотлох баримтаар одоогийн байдлаар дээрх хүмүүсийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа учир хэрэгт авагдсан нотлох баримтуудаар одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан байгаа.

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор шинэ мэдээлэл гарч байна. Тагнуул, ШШГЕГ-ын дөрвөн хүнийг саатуулсан шүү дээ?

-С.Зориг агсны хэрэгт өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр явж байгаа. Хэвлэлээр гараад байгаа хоёр албан тушаалтны хувьд тухайн үед ажиллаж байсан хоёр тагнуулын ажилтныг саатуулсан асуудал байгаа. Энэ асуудлын хувьд нууцыг зэрэглэлтэй байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Шүүгчийн асуудал хөндөгдөж байна. Хөрөнгийн эх үүсвэрээ баталж чадалгүй шүүхэд шилжсэн гэх мэдээлэл байгаа. Үүнд хичнээн шүүгч холбогдоод байна вэ?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 7 шүүгчийг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Яллагдагчаар татсан асуудал байхгүй байна. Харин хоёр шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэн асуудал байгаа. Давуу асуудал бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд холбоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл ангид зааснаар шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн бүрэн эрх нь саад болж магадгүй гэж үзээд прокурорын байгууллага нь ШЕЗ-д саналаа хүргүүлээд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлсэн байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
1
close