“Эрүүл элэг” өдөрлөгөөр 300 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамрууллаа
  #Золбоо   НИЙГЭМ   2019-04-15 11:31:32

“Дүүрэн сэтгэл” ТББ-аас 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан хотод “Эрүүл элэг” өдөрлөгийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Гастроэнтерологийн төв, аймгийн ЭМГ-тай хамтран зохион байгууллаа. “Эрүүл элэг” өдөрлөгөөр 300 гаруй хүнийг үзлэг, оношилгоонд хамруулжээ.

 “Эрүүл элэг” өдөрлөгийн хүрээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дарга АУ-ны доктор, клиникийн профессор О.Баярмаа “Элэгний өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх” лекц, илтгэлийг тавьсан байна. Үүний дараагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн эмч, мэргэжилтнүүд 200 гаруй иргэдэд элэгний үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгсөн юм. Нэгдсэн эмнэлгийн лабортори элэгний С, В вирус илрүүлэх шинжилгээ, вирус тоолох шинжилгээ зэргийг үнэ төлбөргүйгээр авч үйлчиллээ. Мөн компьютерийн бүтэн биеийн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн өндөр, жинг тодорхойлох аппаратын оношилгоонд 100 гаруй иргэдийг хамруулсан байна.

Зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй улсын хэмжээнд хепатитийн вирусийн архаг халдвар өндөр байгаа нь элэгний хорт хавдрын нас баралтаар Монгол улс дэлхийд тэргүүлэхэд хүргэж байна.

Манай улсад жилд элэгний хавдрын 2300 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Энэ нь дэлхийн дунджаас 12 дахин өндөр статистик юм. Хавдартай өвчтнүүдийн нас баралтын гол шалтгаан нь хожуу илрүүлэлт буюу нийт хавдартай өвчтнүүдийн зөвхөн 15 хувь нь мэс засал, эсвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх, эмчлэгдэх боломжтой үе шатанд оношлогдож байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Дархан-Уул аймгийн тухайд элэгний өвчлөл, элэгний хавдараар улсын нийт өвчлөлийн 35 хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна.  Аймгийн хэмжээнд жилд 200-аад хүн шинээр хавдраар оношлогдон хяналтад ордог.Мөн үүний 35 хувийг элэгний хавдар эзэлдэг аж. Тиймээс Бямба гарагт буюу амралтын өдрөөр “Эрүүл элэг” өдөрлөгийг зохион байгуулсан нь цаг зав багатай хүмүүст урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, цаашлаад эрт оношлуулахад ихээхэн ач холбогдолтой болсон талаар иргэд хэлж байв.

Дээрх өдөрлөгийг санаачилан зохион байгуулсан “Дүүрэн сэтгэл” ТББ-аас цаашид иргэдийг элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх, хандлагаа өөрчлөх, үзлэг оношилгоонд харуулах ажлуудыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close