Н.Энхболд: "70 яндангаас 70 байр" төслөөс хэн хожих вэ гэвэл, Монголын ард түмэн л хожих болно
  #   ЯРИЛЦЛАГА   2018-01-19 13:01:13

“Зүтгэл сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас зохион байгуулж буй "70 яндангаас 70 байр" төслийн ерөнхий зохицуулагч Н.Энхболдтой ярилцлаа. 

-“Зүтгэл сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас санаачилсан “70 яндангаас 70 байр” аяны зорилгоо танилцуулахгүй юу?

-“Зүтгэл сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “70 яндангаас 70 байр” гэсэн төслийн аяныг зохион байгуулж байгаа. Бидний зүгээс байр барих газраа чөлөөлчихсөн ажлаа эхлэхийг хүлээгээд л байж байна. Мөн 70 айлын орон сууцынхаа зураг зүй, тусгай зөвшөөрөлийг хөөцөлдөж, мэргэжлийн байгууллага болон төрийн байгууллагуудаар хянуулж бүгдийг нь авчихсан байгаа. Одоо бидэнд ганцхан ажил үлдээд байна. Юу вэ гэхээр барилга барих, гүйцэтгэх компаниа сонгон шалгаруулах хэрэгтэй болж байна. Барилгын компаниа сонгон шалгаад авчихвал бид хавраас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэхүү төслийн ажил маань аж ахуй нэгжийн ашиг хонжоо харсан ажил лав биш. Энэ бол ТББ-ын ашгийн төлөө бус, нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагатай ажил хийхээр төлөвлөж байгаа юм. Өнөөдөр Монголд утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. 2016 оны байдлаар 352 ангир ураг, эхийн хэвлийд эндсэн байна шүү дээ. Зөвхөн утаанаас болж. Харин 2017 онд энэ тоо нэмэгдсэн. Дээрээс нь өнгөрсөн жил сүрьеэгээр өвчилсөн хүний тоо нэмэгдсэн байна. Уушгиар өвдөх, уушгины хамааралтай өвчлөлөөр Монгол Улс тэргүүлэх зэрэглэл рүү явж эхэлж байна.  Тэгэхээр Улаанбаатар хотын утааны асуудлыг нэн тэргүүнд шийдэхгүй бол болохгүй байна. Бидний явуулж буй “70 яндангаас 70 байр”гэсэн төсөл маань утааг бага ч гэсэн арилгахад хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Тэгэхээр энгийн ард иргэдийн санаачилсан энэхүү аяныг төр засаг дэмжинэ гэдэгт бид итгэлтэй байна. Энэхүү төслөөс хэн хожих вэ гэвэл, Монголын ард түмэн л хожих болно.

-“70 яндангаас 70 байр” төслийн барилга аль дүүрэгт баригдах вэ. 70 айлыг сонгон шалгаруулах уу?

-Энэ төсөл маань БЗД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр хэрэгжих юм. Мэдээж 70 айлыг сонгон шалгаруулна. Тэгэхээр бидний зүгээс тавьж байгаа нөхцөл бол. 70 залуу гэр бүлийг л оруулъя. Хамгийн гол нь яндантай байх шаардлагатай. Мөн цэцэрлэгийн насанд хүрсэн хүүхэдтэй, дээрээ с нь тодорхой хэмжээний ажил орлоготой, гэхдээ ажил нь тогтмол байх албагүй л дээ. Зүгээр орлоготой л байхад болно. Удахгүй баригдах 70 айлын орон сууц маань нэг, хоёр давхардаа үйлчилгээний төвтэй байх юм. Эхний нэг давхрыг нь, хүүхдийн цэцэрлэг болгох гэж байгаа. Яагаад цэцэрлэг болгож байгаа вэ гэхээр,  нөгөө 70 залуу гэр бүлийн хүүхдүүд сурч боловсроосой гэж л байгаа юм. Мөн эцэг эхүүд хүүхдүүддээ санаа зовохгүй ажлаа хийгээд хүүхдээ аваад гэр лүүгээ ордог байх жишээний.  Манай төслийн гол зорилго бол залуу гэр бүлүүдээ дэмжих юм. Ерөөсөө монгол залуучууд хөдөлмөрлөж, хамтын хариуцлага, бие биенийхээ аз жаргалын төлөө хүч хөдөлмөрөө зориулах юм бол яаж сайхан бүтээл гарч болдгийг бид нийгэмдээ харуулъя гэж бодсон юм.  Манай төслийн баг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад санал тавьж байгаа. Энэ юу гэвэл 70 залуу гэр бүлийг сонгон шалгаруулах үйл явцад ивээн тэтгэгчээр ажиллаж, реалити шоу маягаар зохион байгуулаасай гэж хүсэж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд маань олон нийтэд ил тод нээлттэй хүргэж, тухайн үе шатуудыг харуулахыг хүсэж байна. Мөн 70 шударга, хөдөлмөрч залуу гэр бүлүүдийг сонгон шалгаруулах үйл явцад оролцоосой гэж бодож байна.

-Тэгэхээр 70 залуу гэр бүлийг сонгохдоо зөвхөн хотоос сонгох уу?

-Улаанбаатар хотын иргэд, хөдөө орон нутгаас ч байж болно. Гэхдээ гол нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч хөдөлмөрлөж байгаа 70 залуу гэр бүлийг л сонгон шалгаруулах юм. Энэ сонгон шалгаруулалт нь ил тод, шударга, нээлттэй байх ёстой. Хэн нэгний хүн биш, бүх юм шударга өрсөлдөөнөөр тодрох юм. Тэгэхээр залуу гэр бүлүүдийг бидэнд хандаасай, өөрсдөө ирж уулзаж, бид энэ орон сууцанд чинь оръё, байранд орохын тулд бид ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой вэ гэж асуугаасай гэж хүсэж байна.  Мөн бид ингэж оролцъё, бид бүтээн байгуулалтад ийм оролцоогоор оролцъё гэдэг өөрсдийн зорилготой байх шаардлагатай юм. Ирээдүйдээ ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, элдэв муу зуршилгүй гэр бүлийн харилцаан бат бөх байгаа, тэр ариун нандин гэр бүлүүдийг дэмжих юм.

-Төслийн гол зорилго юу вэ?

-“70 яндангаас 70 байр” аяны гол зорилго бол 70 залуу гэр бүлийн ая тухтай орчинг бий болгох, ирээдүйдээ хөдөлмөрлөх боломж бололцоог олгосон таатай амьдрах орчныг нь бүрдүүлж өгөх нь төслийн гол зорилго болж байгаа юм. Дээрээс нь энэ төсөл бол ашиг хонжооны аж ахуй нэгжийн үйл ажиллагаа биш учраас барилгын ашгаа шингээсэн төлбөрийг авахгүй. Харин тухайн барилгын бүтэх өртгийг нь тухайн гэр бүл дээрээ тохирно гэсэн үг. Энэ барилга хамгийн хямдаар яаж бүтэж болох уу гэдгийг бид эрэлхийлнэ.

-Тэгвэл нэг залуу гэр бүлээс хэдэн төгрөг гарна гэж тооцоолж байгаа вэ?

-Манай барилга 14 нэг өрөө байртай, 14 гурван өрөө байртай, 42 хоёр өрөө байртай юм. Нэг өрөө байрын хэмжээ нь 31 метр квадрат, гурван өрөө байрных бол 72 метр квадрат байгаа. Бид барилгын нэг метр квадратыг сая төгрөгөөс нэлээн доошоо унаган гэж харж байгаа. Харин хэр хэмжээнд доошоо унагах уу гэдгийг тухайн гүйцэтгэгч компанийн бидэнд өгч байгаа саналыг харж байгаад хэлэх юм. Гүйцэтгэгч компаниа сонгох тал дээр бол барилгын салбарт хөлөө олчихсон, ашиг орлогоо хийчихсэн том компаниудыг оролцуулахгүй. Харин жижиг дунд компаниуд байгаа шүү дээ. Гэхдээ хийж бүтээж чадах, чанарын бүх стандартуудаа хангачихсан, улсаас тусгай зөвшөөрлөө авчихсан 6-12 давхар барилга барих зөвшөөрөлтэй компаниуд дээр саналаа тавих юм. Энэ дундаас хамгийн чанартай, хамгийн хямд үнийн санал болгосон тэр компанийг сонгох болно.

-Барилгын компаниудад саналаа тавьсан уу. Компаниуд юу гэж байхын?

-Бидэнд саналууд ирж байгаа. Компаниуд гадаад пассатыг нь янзалъя, бид нар цонхийг нь хийе, мөн шатыг нь хийе, бүх цахилгаан шугам сүлжээнүүдийн асуудлыг шийдье, манай компанийн зүгээс сантехникийг нь хийж өгье гээд олон санал ирж байгаа. Төслийн багийн хувьд дээрх компаниудад хариу өгөхдөө “70 яндангаас 70 байр” төслийн зураг зүй гаргачихсан байгаа дээрх зургийн дагуу хийнэ гэдгээ хэлж байгаа. Тэгэхээр гүйцэтгэгч компаниуд зураг харж байгаад өөрсдийн үнийн саналаа ирүүлэх байх. Энэ ярилцлагаараа дамжуулж барилгын компаниуд бидэнтэй ирж уулзаж, ярилцаад хамгийн бага өртгөөр, гэхдээ хамгийн сайн чанараар яаж хийх үү гэдгээ саналаа ирүүлээрэй.

-Хамгийн бага өртгөөр гэж байна. Энэ боломжтой юу?

-Тухайн аж ахуй нэгжийн ашгийн нэмэгдэл байхгүй. Өртгийг ярилцаад хамгийн доогуур оруулах боломжийг тухайн байранд орох 70 залуу гэр бүл өөрсдөө бий болгох юм. Яаж вэ гэвэл 70 айлын гэр бүл өөрсдөө дотоод заслын ажлаа хийх юм. Нэг ёсондоо өөрсдөө дотор засал чимэглэлээ хийгээд явчихна гэсэн үг. Ингэх юм  бол барилгын өөрийн бүтэх өртөг багасгана. Ер нь бол барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс зөвлөж байна л даа. “Барилга бол маш их өндөр өртгөөр босдог.  Ажилчдын хөдөлмөрийн хөлс, барилгын дотоод засал чимэглэл  байдаг шүү гэж хэлж байгаа юм. Бидний зүгээс гүйцэтгэгч компанид санал тавьж байгаа зүйл бол карказаа бүрэн цутгамлаараа бариад босгочих мөн дэд бүтэц тог, цахилгаан, бохир халуун усны шугамыг хийгээд өг дотор заслаа иргэд өөрсдөө хийе ээ гэж байгаа юм. Тэгэх юм бол тэр өндөр өртөг өөрөө уначихаж байгаа байхгүй юу. Зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа барилгын метр квадратын үнээс дор хаяж хоёроос гурав дахин, магадгүй дөрөв дахин буурах магадлалтай гэсэн үг. Тэр утгаараа нэг метр квадратыг нэг саяаас доогуур байна гэдэгт итгэлтэй байгаа шалтгаан нь энэ юм.

-Танай “Зүтгэл сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас явуулж байгаа энэхүү төсөл залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй зүйл болж байгаа юм байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

-Бага ч гэсэн 70 залуу гэр бүлийг дэмжих зорилготойгоор явуулж байгаа төслийг маань хүмүүс дэмжинэ гэдэгт итгэж байна. Хөдөлмөрлөж чаддаг залуу гэр бүлүүд байранд ороосой гэж хүсэж байна. Ипотекийн зээлэнд 20-30 жил дарлуулж явахгүйгээр өөрсдөө байраа бий болгоод, дотоод нөөц бололцоогоо дайчлаад орчноо сайжруулах ийм бололцоотой гэдгийг харуулахыг зорьж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

4
close