Д.Эрдэнэбат: “Эрдэнэт”-ийн 49 хувийг 12 хоногийн дотор худалдан авах мөнгө төрд байгаагүй
  #Золбоо   УЛС ТӨР   2019-03-11 14:06:28

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан хэрэг нь мөнгө угаах гэмт хэрэг байсан гэх асуудалтай холбоотойгоор хариулт өгөв. Засгийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-т тавьсан онцгой дэглэмийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаагаа ч тэрбээр илэрхийллээ

ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ бичиг дээр яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй болсон гэдэг зүйлийн хариулт байгаа. Энэ бол ОХУ хувь эзэмшлээ зарахаар хандсан захиа. Энэ хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа. 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ хугацаанд төр 400 сая америк долларын асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй байсан. Учир нь ээлжит бус чуулган завсарлачихсан байсан. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 20-нд хамгийн сүүлийн чуулганаа хийгээд дахин хуралдаагүй. Бид мөнгө босгоод л авчих байсан гэж ярих амархан. Тиймээс тухайн нөхцөлд хамгийн боломжит байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Засгийн газрын тэмдэглэлээс нууцын зэрэглэлтэй бичиг надад хадгалагдаж байсан. Ил болсон учир өнөөдөр харуулж байна. Энэхүү тэмдэглэлийн гуравдугаарт заалт дээр “УИХ-ын ээлжит бус сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган завсарласан тул худалдан авсан талаарх УИХ-д танилцуулан хэлэлцээрийг соёрхон батлах хуулиудыг хүчингүйд тооцох асуудлыг их хуралд оруулах арга хэмжээ авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасан” гэх тэмдэглэл бий. Уламжлалт чанар байсан бол дараагийн их хурал бүрдсэний дараа хэлэлцэх боломж байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч улстөржилт рүү явуулсан. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үг бий. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан. Иймд Засгийн газар зөв шийдвэр гаргасан гэдэгтэй өнөөдрийг хүртэл санал нийлдэг. Зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд байгаагүй. Хуралдаанд байгаагүй ч энэ тогтоол дээр гарын үсэг зурсан нь үнэн. Түүнээс бус “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлсан асуудал байхгүй. Энэ бол улс төрийн шийдвэр байсан” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2010-2012 оны хооронд Ростех компанийн ноогдол ашиг гэж хичнээн төгрөг төлдөг байсан бэ. Санктпетербургийн уулзалтын үеэр Эрдэнэтийн 49 хувийг зарах асуудлыг ОХУ-ын тал хөндөж байсан. ОХУ “Эрдэнэт”-ийн хувиа яагаад зарах болсон бэ?

-Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байснаас ОХУ зарах болсон гэж ойлгож байгаа. Эдийн засаг ашиггүй байснаас зарах шийдвэр гаргаж байсан. Буруу санаагүй бол дөрвөн жилийн дивидинтийнх нь хэмжээ 100 гаруй сая төгрөг байсан байх.

-Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах мөнгө төрд байгаагүй гэдэг асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Тухайн үед эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан учир төрд мөнгө байгаагүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хоёрдугаарт ажлын 12 хоногт багтаж Монголын төр ийм их хэмжээний мөнгө босгож чадахгүй байсан.

-400 сая ам.долларын ихэнхи нь Монголбанкнаас гарсан гэдэгт ямар хариулт өгөх вэ?

-Энэхүү санхүүгийн тухай асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Үүнийг шүүх хяналтын байгууллага шийднэ. Засгийн газар өөрийнхөө хэмжээнд улс төрийн шийдвэрийг гаргасан. Ингэхдээ ОХУ-ын талд байгаа 49 хувийг Монгол руу оруулж ирсэн нь зөв байсан гэж ойлгож байгаа.

“Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, есөн хүнийг ажлаас нь халсныг та юу гэж дүгнэж байна вэ?

-БНМАУ-ын бага хурлын тогтоолыг Засгийн газар хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шинэ Үндсэн хуульд “Энэ хууль хэрэгжсэнээр өмнө нь үйлчилж байсан хууль хүчингүй болно” гэж заасан байдаг. Яагаад 1991 оны бага хурлын тогтоол ашигласныг ойлгохгүй байна. Бид хуулиа л мөрдөх хэрэгтэй. УИХ-аар хэлэлцэх зайлшгүй асуудал. Энэ Их хурлын өөрийнх нь алдаа. Хүчингүй болсон хуулиудын нэг гэж үзэж байгаа. Үүнийг их хурлаар зайлшгүй ярих ёстой.

-Ээлжит бус чуулган энэ сарын 18-нд зарлагдсан, танай намын бүлэг ямар санал оруулах төлөвлөгөөтэй байна вэ?

-Томилгоонд чиглэсэн чуулган болох юм байна гэж харж байгаа. Томилгоогоо хуулийн хүрээнд хийх хэрэгтэй. Хаврын ээлжит чуулганаар, бүлгийнхээ ажлыг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн байх. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болно гэсэн үг биш. Сөрөг хүчин хэвээрээ байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close